news.mn politics.news.mn google.mn
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Х.Тэмүүжинг шүүхэд өгчээ

2011 оны 3 сарын 7

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг академич С.Нарангэрэл шүүхэд өгчээ. Тэр өөрийн нэр төр, алдар хүндээ сэргээлгэхээр  Сүхбаатар дүүргийн шүүхэд Х.Тэмүүжин гишүүний нэр дээр нэхэмжлэл гаргасан байна.

Тодруулбал, Х.Тэмүүжин гишүүн “Ардчилал” сонины 2011 оны хоёрдугаар сарын 24-ны 37 дугаарт өгсөн “Эрүүгийн төрөлжсөн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэсэн гарчигтай ярилцлагадаа академич С.Нарангэрэлийн тухай “Тэр хүний сурч мэдсэн зүйл одоо хуучирч, хоцрогдсон. Учир нь социалист дэглэмийн үед дээд боловсрол эзэмшсэн болохоор түүгээрээ л сэтгэж байгаа” гэж ярьсан аж. Энэ нь академич С.Нарангэрэлийн Эрүүгийн хуульд шинээр суулгахаар санал оруулсан зарим зүйл заалттай холбоотой бололтой. УИХ-ын гишүүн Ч.Сайхансамбуу уг хуулийн төслийг өргөн барихдаа академич С.Нарангэрэлээр бичүүлсэн гэдэг. Академич С.Нарангарал уг нэхэмжлэлдээ,

“...Х.Тэмүүжин намайг “хоцрогдсон” гэсэн нь мэргэжил боловсролоо дээшлүүлэх талаар миний олон жилийн цаг наргүй нөр хичээнгүй хөдөлмөр зүтгэлийг гутааж, юугаар ч үнэлшгүй хамгийн үнэ цэнэтэй зүйл нэр төрд минь бусармагаар халдсан үйлдэл гэж үзэж байна.

С.Нарангэрэл  миний бие 1988 онд ОХУ-ын Москва хотноо Бүх холбоотын эрдэм шинжилгээний хууль зүйн институтэд “БНМАУ-ын эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал” сэдвээр хууль зүйн ухааны дэд эрдэмтний, 2000 онд ШУАийн эрдмийн өргөтгөсөн зөвлөлд “ХХ зууны Монгол Улсын эрүүгийн эрх зүйн үндсэн асуудал (ерөнхий анги)” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Мөн 1990 оноос хойш дотоод, гадаадад олон бүтээлээ нийтийн хүртээл болгосон юм.

Зөвхөн энэ хоёр л гэхэд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин намайг “хоцрогдсон” хэмээн гутаасныг няцаах наад захын баримт болох байх аа гэж нэхэмжлэлдээ дурджээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Бараг л ханан дээр зураг зурсан хүнд ял оноохоор хуулийн төсөлд тусгасан байна лээ. Аргагүй л дээ, Нарангэрэл багш боловсруулж өгсөн юм чинь” гэж ярьжээ.  Сүүлийн жилүүдэд нийслэл хийгээд хот суурин газруудад барилга байгууламжийг эрээчих, нийтийн тээврийн хэрэгсэл, нийтийн хэрэглээний эд хөрөнгийг эвдэн сүйтгэх явдал газар авснаас улсад их хэмжээний хохирол учрах болсон.

Энэ гэмт хэргийг дэлхий нийтэд “вандализм” хэмээн нэрлэдэг. Нэлээд хэд хэдэн улсын эрүүгийн хуульд бие даасан гэмт хэрэг болгон заасныг судалж тогтоон манай улсын хувьд ийм үйлдэлд эрүүгийн хариуцлага тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзсэнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гутаах байдлаар ийн хандсан аж. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Энд нэг зүйл онцлоход хойд хөршид сурч, хууль эрх зүйн тогтолцоог судалсан хүн хүсэж хүлээсэн өөрчлөлтийг хийж чадахгүй л болов уу” гэж бас хэлжээ.

Энэ нь ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан намайг болон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн төгссөн МУИС-ийн Хууль зүйн сургуульд ажиллаж түүнд эрдэм ном заасан, ОХУ-д боловсрол эзэмшсэн олон арван багш, ер нь хойд хөршид боловсрол эзэмшсэн, эрдмийн зэрэг хамгаалсан мянга мянган монгол хүний нэр төр, алдар хүндийг гутаасан, тэдний эрх ашгийг ноцтой хөндөж ялгаварлан гадуурхахыг турхирсан хэний ч санаанд багтамгүй үйлдэл болжээ гэж С.Нарангэрэл үзэж байна.

Ийнхүү УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нь миний болон Монгол Улсын олон иргэний нэр төр, алдар хүндэд санаатай гэм хор учруулсан нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн дагуу миний болон бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй байгаагаа илэрхийлсэн ярилцлагыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр “Ардчилал” сонинд гаргуулах, ОХУ-д боловсрол эзэмшсэн МУИС-ийн Хууль зүйн сургуульд ажиллаж байгаа нийт багш болон Монгол Улсын бүх иргэдийн өмнө албан ёсоор хүлцэл өчүүлэх хэлбэрээр гэм хороо арилгуулахаар шүүхэд хандаж байна” гэжээ.

Уг нь бол хүний санаа бодол хоцрогдсон, хоцрогдоогүй хийгээд Эрүүгийн хуулийн зөв бурууг салбарынхан хоорондоо ярилцаж, мэтгэлцээд шийдчих зүйл байлтай. Гэвч энэ маргаан одоо шүүх рүү явсан болохоор тэдний дунд сайн муу, шинэ хуучнаараа талцсан бас нэг эх адаггүй хэрүүлийг эхлүүлэв бололтой.

Б.ГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Санал асуулга
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой