news.mn politics.news.mn google.mn
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Өршөөлийн хууль хэрэгтэй юу?

2013 оны 10 сарын 10

УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ,  З.Баянсэлэнгэ нарын гишүүдийн санаачилсан “Өршөөлийн тухай хууль” -ийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон.

Уг хуулийн төслийг батлан гаргах нийгмийн шаардлага үүсээд байгааг хууль санаачлагчид онцолдог. Тиймээс энэ асуудлаар гишүүдийн байр суурийг цувралаар хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:

-Өршөөлийн тухай хуулийг өргөн барих асуудлыг өнгөрөгч тавдугаар сараас ярьж эхэлсэн. Хуулийн төсөл одоо хаана яваа вэ?

-Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. Удахгүй өргөн барина. УИХ-ын 24 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан, УИХ-ын дарга энэ асуудлаар цаг гарган хүлээн авдаг ч албан ёсоор өргөн бариагүй байна. Ер нь удахгүй  батлагдана  гэж ойлгож байгаа. Энэ хууль батлагдсаны дараа Эрүүгийн хууль, Эрүүгийн   байцаан шийтгэх хууль гээд чухал хуулиуд орж ирнэ. Бас Хүний эрхийн үндэсний комиссын хуулиудад өөрчлөлт оруулахаар явж байна.

Монгол Улс жилдээ 500-аад тэрбум төгрөгийг хорих анги, хоригдлуудад  зарцуулж байна. Ингэж хамаагүй цацаад байгаа мөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зарцуулах  хэрэгтэй. Гудамж талбайг гэрэлтүүлэх, нийтийн тээвэр, үйлчилгээний газруудыг камержуулахаас эхлээд хийх ажил маш их бий. 2003 онд гарсан Эрүүгийн хууль чанга, хүмүүсийн ярьдагаар шоронжсон хууль. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бус  яллах, хориход чиглэсэн гэх үү дээ. Энэ байдлыг өөрчлөх цаг болсон.

Гэхдээ Өршөөлийн тухай хуульд  улсад, аж ахуй нэгж байгууллагад, иргэнд учруулсан  хохирлоо  барагдуулах шаардлагыг тавьж байгаа. Өршөөгдөөд хохирогчоос, ар гэрийнхнээс нь уучлал гуйдаг жишиг ч бий болно. Түүнээс онц ноцтой гэмт хэрэгтнийг суллаад явуулчих гэж байгаа хэрэг биш. Ер нь хохирогч  хохирсон хэвээрээ үлддэг байдал  Эрүүгийн хуулийн хамгийн том алдаа. Өмнө нь  гарсан Ерөнхийлөгчийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан хүмүүсээс зургаан  хувь нь  дахин гэмт хэрэгт холбогдсон гэдэг судалгаа бий. Зургаан хүнийг  гэмт хэрэг үйлдүүлэхгүй гээд 94 хүн хориод байх нь  буруу.


УИХ-ын гишүүн Г.Батхүү: Асуудлыг шийдэж байх нь чухал


Аливаа хууль цаг үеэ олсон, асуудлыг шийдсэн  байх хэрэгтэй.  Өнөөдөр Монгол Улсад  Өршөөлийн хууль батлах  шаардлага байгаа бол батлах нь зөв. Миний хувьд хуулийн төслийг нь тал талаас  нь сайн боловсруулаад оруулж ирвэл дэмжинэ. Ер нь хууль батлах шаардлага байгаа гэж бодож байна.



УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Энэ хуульд ач холбогдол өгч байгаа

УИХ-ын 24 гишүүн өргөн барьж байгаа. Дахиад 10 гишүүн дэмжихэд л батлагдах хууль. Ач холбогдол өгөхөөс аргагүй.  Хуулийг санаачилсан Ц.Оюунбаатар гишүүнээс би энэ хуулийн зохицуулалтын талаар асуусан. Ер нь Өршөөлийн хуулийг  аль  ч  цаг үед баталж ирсэн. Энэ нь тодорхой үр дагавартай болохоор аргагүй. Хуулийн зүйл заалтад санамсар болгоомжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн,  насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, хөнгөн  гэмт хэрэгт үйлдсэн зэрэг зааг ялгаа гаргаж өгсөн юм билээ. Харин авлига, албан тушаалын, хүн амины  онц ноцтой гэмт хэрэг  үйлдсэн этгээдэд үйлчлэхгүй гэж ойлгосон.

С.ОТГОНСҮРЭН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Санал асуулга
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой