news.mn politics.news.mn google.mn
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Д.Батсүх: Хуульчдын холбоо бүх эрхийг авсан

2013 оны 9 сарын 9

“Мэргэжлийн лиценз авсан хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн. Хуульчдын холбооны гишүүн бүр дүрмийн дагуу ажиллах ёстой. Дүрмийн дагуу ажиллаагүй л бол албан тушаалгүй болно. Ингэхээр дүрэм баримталдаггүй хуульч гэж үгүй болно”. Ийм нэгэн гаргалгаа, дүрмэн дээр хуульчид өнгөрсөн долоо хоногт нэгдсэн. Энэ талаар Хуульчдын анхдугаар их хурлаас сонгогдсон Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхтэй ярилцлаа.

/Тэрээр  1996 онд МУИС-ийн ХЗС-ийг эрхзүйч мэргэжлээр төгсч, 1997 оноос өмгөөлөгчийн ажил эрхэлсэн. 2003-2006 онд Өмгөөлөгчдийн холбооны сахилгын хорооны гишүүн, 2006-2009 онд Сахилгын хорооны дарга, 2009-2012 онд Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, 2012 оноос тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Хуульчдын анхдугаар их хурлаас Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна/

-Хуульчийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд амжилт хүсье. Хэрхэн сонгогдов. Хуульчдын холбоо юу хийх вэ?

-Хуульчдын анхдугаар их хуралдаанаас олонхийн санал авч, хариуцлагатай үүргийг авч, хоёр жил ажиллахаар сонгогдлоо. Намайг хуульчдын нийтлэг эрх ашгийг хангаж ажиллаж чадна гэж итгэл хүлээлгэж, даалгавар өглөө гэж ойлгож байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг гаргах болсон үндсэн шалтгаан нь хуульчийн мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэх, нийгэм дэхь хуульчдын нэр хүндийг өсгөх зорилго байсан. Хуульчдын холбооны хийж хэрэгжүүлэх үндсэн гол ажил маань энэ. Хуульчдын мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэх ёстой. Хариуцлагатай л байж чадах юм бол нэр хүнд аяндаа өснө. Их хурлаар яригдсан гол асуудал нь хуульчийн мэргэжлийн хариуцлага байлаа. Хуульчдын нэгдсэн дүрмээр мэргэжлийн хариуцлагын тогтолцоог бий болгох ёстой. Үүнд хариуцлагатай хандахын үүднээс дараагийн хурлаар мэргэжлийн дүрмээ үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн. 

-Өмгөөллийн байгууллагын хүн гэдэг утгаар нь энэ чиглэлдээ голлон анхаарал хандуулах байх гэж харж байгаа хүмүүс байна?


-Би холбооныхоо ажлыг дан ганц өмгөөллийн ажил гэж харахгүй байна. Олон салбарын хүмүүс нэг тогоонд ороод ирэхээр өөр өөрсдийнхөө эрх ашиг, өөрсдийн амбицийг ярьдаг. Холбооны гишүүд маань өмгөөлөгч нь өмгөөлөгчийнхөө, прокурор нь прокурорынхоо асуудлыг яриад ороод ирвэл нийтлэг эрх ашиг юу юм бэ гэдгийг нь л харна. Намайг сонгох болсон нэг шалтгаан нь өмгөөллийн ажлын хажуугаар сонгуульт ажлуудыг хийж байсантай холбоотой байх. Прокурорын байгууллагын мэргэжлийн хорооны гишүүнээр, Шүүхэд сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байсан зэрэг нь хэн нэгэнд давуу эрх олгохгүй, нийтлэг эрх ашгийг баримтлах чадвартай байх гэсэн үнэлэлт гэж харж байна.

-Энэ холбоо нь төрийн чиг үүргийг шилжүүлж авч байгаагаараа онцлог. Жишээ нь ямар институцийн ямар үүргийг авч байна?


-Товчоор хэлбэл, өөрсдийнхөө эгнээнд орох хүмүүсийг “төрүүлэх”-ээс эхлээд “үдэх” хүртэл бүхий л эрхийг шилжүүлж авлаа. Хуульч бэлтгэдэг их дээд сургуулиудыг магадлан итгэмжлэхээс нь эхлээд эрхийг авсан гэсэн үг. Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэл авсан сургууль төгссөн эрх зүйч л Хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад орох эрхтэй болно. Мөн хуульчийн мэргэжлийн хариуцлагыг хэн тогтоох вэ, хариуцлагыг хэн тооцох вэ гэдгийг өөрсөддөө авсан. Тухайлбал, өмгөөлөгчдийн үйл ажиллагаа эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхийг, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, прокурорыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг тухайн байгууллагын захиргааны байгууллагаас шийддэг байсныг Хуульчдын холбоо хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр хуульчид өөрсөддөө хариуцлага тооцдог, шийддэг болж байна. Нэг талаас нь харвал энэ бүх боломжийг бид өөрсдөө олоод авчихсан хэрэг гэхээс илүүтэй, төр засгийн бодлого нь олон түмэн рүүгээ чиглэсэн, мэргэжилтнүүдэд боломжийг нь олгосон зөв бодлого гэж харж байна.

Өмнө нь хуульчийн гэрчилгээг Хууль зүйн яамнаас олгодог байсан. Манай холбооны нэг онцлог нь төрийн тодорхой чиг үүргүүдийг өөртөө авч, мэргэжилтнүүд өөрсдөө бие даан шийдвэрлэдэг анхны тогтолцоог Монголд бий болгож байгаагаараа онцлог. Үүгээрээ хуульч бидэнд маш их хариуцлагатай байх үүрэг ногдож байна. Төр өөрийнхөө үүргээс татгалзаад өгч байгаа ажлыг нь бид нэр хүндтэйгээр хийх ёстой. Энэ нь дараа дараагийн мэргэжлийн байгууллагуудад төрийн чиг үүргийг өөртөө авч хэрэгжүүлэх боломжийг нээж өгөхөд жишиг, үлгэр жишээ болно.

-Магадлан итгэмжлэлийн асуудал босч ирэнгүүт итгэмжлэгдээгүй сургуулиудын оюутнуудын асуудал гарч ирэх үү?

-Гарна. Иймд ямар сургуульд сурах вэ гэсэн хувь хүний сонголт их чухал. Бидний зорилго хуульч гэх мэргэжлийн эгнээг чадварлаг хүчнээр хангах. Ийм бодлого барьж байж л хуульчдийн нэр хүнд өснө. Чадваргүй боловсон хүчнээс болж л хуульчдийн нэр хүнд унаж, хүний эрх ашиг хохирч байна шүү дээ.

-Энэ мэт эрх авсан Хуульчдын холбоог үнэнч шударга шийд гаргана гэдэгт яаж итгэх вэ?

-Ганцхан жишээ хэлэхэд Хуульчдын мэргэжлийн хариуцлагын хороог хуульчид өөрсдөө бүрдүүлнэ. Жишээ нь Мэргэжлийн хариуцлагын хороонд орох шүүгчдийн төлөөллийг прокурор, өмгөөлөгчид шийднэ. Зөрүүлээд прокурорын төлөөллийг өмгөөлөгч, шүүгчид нь шийднэ. Өөрсөддөө хяналт тавиулах хүмүүсээ өөрсдөө сонгоно. Хэн шударга, хэн бодитой сонгож чадах хүнээ өөрсдөө сонгоно. Хэн нэгэн дарга биш, өөрсдөө сонгоно.

-Их хурлын үеэр энэхүү холбоо нь бусад байгууллагатай хэрхэн харилцах тухай асуудлыг хөндөж байсан?

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд хуулийн  хэрэгжилтийн талаар хяналт тавих чиг үүргийг Хууль зүйн яам, Хууль зүйн байнгийн хороо харилцахаар хуульчилсан байдаг. Шүүх, прокурорын байгууллагатай, Өмгөөлөгчдийн холбоотой Хуульчдын холбоо нь зөвхөн гишүүдийнхээ эрх ашиг, гишүүдийн үйл ажиллагааны хүрээнд л харилцана. Шүүх дээр нэг онцлог бий. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд  нэг гишүүнийг нэр дэвшүүлэх эрх Хуульчдийн холбоонд очсон. Ингэснээр Хуульчдын холбоо нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиргааны байгууллагад төлөөллөө оруулах боломжтой болж буй юм. Мөн Шүүгчдийг сонгох мэргэжлийн хороонд нийт хуульчдийн төлөөлөл буюу холбооны төлөөлөл нээлттэй байдлаар орсон.

-Дараагийн Их хурлын төлөөлөгчдийг ямар хугацааны дараа сонгох, хуралдуулах вэ?

-Их хурал хоёр жил тутамд нэг удаа хуралдахаар тусгасан байгаа.

-Ямар төсөв мөнгөтэй ажиллах байгууллага вэ?

-Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор санхүүлэх боломжтой гэж харж байгаа. Нэг гишүүний сар тутам төлөх мөнгөний хэмжээг тогтчихсон. Үүнийг хурал дээр ярьсан. Хуульчдын холбоонд бүртгэлтэй 4600 хуульч гээд тооцоод гаргахаар нэг тоо гарна. Татварын хэмжээг тодорхойлоход мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргах үеэр 3500 хүний татвар орно гэж тооцсон юм байна билээ.

-Холбоо өөр дээрээ нэлээд ачаалал авч байгаа юм аа даа?

-Жигдрэхийн тулд нэлээд хугацаа орно. Их ч зүйл хийх хэрэгтэй. Одоогийн холбооны удирдлагад ажиллах хүмүүст, чиг үүргийн хорооныхонд асар их ачаалал ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Холбооны гол ажил маань чиг үүргийн хороодоор дамжиж хэрэгжинэ. Төрөөс шилжиж байгаа тэр чиг үүргүүдийг хуулиар ч, холбооны дүрмээр ч хороод хийхээр байгаа. Тухайлбал, Их дээд сургуулиудын магадлан итгэмжлэл хариуцсан хороо, Хуульчийн сонгон шалгаруулалтын хороо гээд бүтэц бий болно.

Б.МАНДАХ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Санал асуулга
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой