news.mn politics.news.mn google.mn
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Ардчилсан намын Их хурал хуралдлаа

2013 оны 05 сарын 08

Нийслэлд хамгийн олон хүнийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах боломжтой газар нь Буянт Ухаа дахь Спорт цогцолбор. Энэ цогцолборыг өнөөдөр Ардчилсан намын гишүүд дэмжигчид дүүрэн байлгаж, намынхаа Их хурлыг хийлээ. Цэнхэр, улбар шар өнгийг алаглуулсан 7000 төлөөлөгч намаасаа нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлсэн туг, хөгжөөн дэмжигчдийн дуут дохиурыг барьцгаажээ. Ингээд тус намын өнгийг илэрхийлэх лидерүүд ямар учраас Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ач холбогдол өгч буй, яагаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэх шаардлагатай талаар үг хэлцгээв.

Хотын дарга Э.Бат-Үүл, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин зэрэг илтгэгчдийн дараагаар сайд Х.Баттулга үг хэлж, “Монгол Улс хөгжих боломжтой болоод байна. Энэ боломж хялбар ирээгүй. Жүдогийн холбооныхон бид хамтдаа зүтгэх уриалга гаргаж, олимпоос аваргатай болохын тулд нэг хүн шиг хүчээр зүтгэсний үр дүн гарсан шиг Ардчилсан намынхан бид хамтдаа зорилготой байж үр дүн гарна” гэв.

Харин нийтлэлч Баабар илтгэлдээ “Эхлүүлсэн хүн нь дуусгаж байж ажил бүтэн болно” гэдгийг онцлов. Намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ард түмэн алдаагүй сонголт хийснийг цаг хугацаа харуулсан. Шударга ёс тогтоож, авлигачдын нурууг тэр бөхийлгөж чадсан. Түүний үг, үйлдэл бүхэн нь ард түмэнд өгөөжтэй туссан. Бид түүхэн сонголтоо баталгаажуулах хэрэгтэй байна. Ардчиллын цагаан морины чөдрийг Ардчилсан нам, ардчилсан Ерөнхийлөгчид ард түмэн итгэж, 23 жилийн дараа салган өгч байна. Энэ их итгэлийн хариу нь ард түмэндээ өгөх сэтгэлийн өглөг байх болно. Ардчилсан Ерөнхийлөгч, Ардчилсан парламент, Ардчилсан засаг гэсэн тулгын гурван чулууг Монголын түүхэнд анх удаа ард түмэн маань өрлөө. Тулгын гурван чулууны нэгийг сугалж авахад “тогоо хөмөрнө” гэдгийг эрх мэдлээсээ салагсад сайн мэдэж байгаа. Тэднээр тоглуулах ард түмний минь цаг дууссан. Одоо хөгжлийн галаа асаах түүхэн боломж бидэнд үлджээ. Шуурга мэт эсэргүүцэл, зуд мэт доромжлол, ган мэт гүтгэлгийн эсрэг ардчиллын цагаан хүлгийнхээ амгайг татан зогсоож, дахин чөдөрлүүлэх эрх бидэнд үгүй. Шинэ цаг дөнгөж эхэлж байна” гэв.



Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Хүн чаддаг зүйлээ хийж байхыг би хүсдэг. Бидэнд засгийг дэмждэг ерөнхийлөгч хэрэгтэй. Цагаан моринд маань чөдөр биш ташуур хэрэгтэй байна. Цагаан моринд маань сайн уяач хэрэгтэй байна. Эхэлж сонгогдсон ерөнхийлөгч дахиж сонгогдохоо боддог бол эргэж сонгогдсон ерөнхийлөгч эх орноо боддог” гэв.

Их хурлын ажиллагааны оргил бөгөөд төгсгөл нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн илтгэл байлаа. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчид миний нэрийг дэвшүүлсэн түүхэн шийдвэрийг би хүлээн зөвшөөрч байна. Саяхан л би Ерөнхийлөгчид нэр дэвшиж, та бүхэн оролцоод явж байсан. Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан юм байна. Бидэнд алгуурлах эрх байхгүй. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, нийслэл, аймагт, сумд, иргэний анхан шатны нэгж бүгдээрээ нэг тийш харж урагшлах ёстой. Монголын ард түмэн бид зорьсноо гүйцээх ёстой” гэв. Тэрээр илтгэлдээ хийсэн ажлаасаа заримаас онцолсон нь архигүй баярлах уриалга, ашигт малтмалын лицензийг замбараагүй олгодог явдлыг зогсоосон, авлигатай тэмцэх тэмцлийн үр дүн гарсан тухай байлаа. Тэрээр “Ашигт малтмалын замбараагүй лиценз олгохыг зогсоох шийд гаргасны дүнд Архангайг тав нийлүүлсэн шиг, Дархан аймгийг 60 нийлүүлсэн шиг газар нутгийг эргүүлэн авчирсан. Хэрвээ бид авлигатай тэмцээгүй байсан бол Монголоос нисч буй иргэн бүрийн тийзнээс таван ам.доллар завшдаг байсан хэрэг илрэхгүй байх байсан. 44 цэцэрлэг, 12 сургууль, 8 эмнэлэг барих мөнгийг хоёр гуравхан хүн идэж байсан хэргүүд илрэх байсан гэхэд хэцүү” хэмээсэн юм.  

Мөн тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө муу хэлэхгүй байх зарчмыг баримтлах болно гэдгээ амлаж, Ерөнхийлөгчийн сонгууль гэдгийг Монгол улсын нийтлэг сонирхлын төлөөх эрхэмсэг өрсөлдөөн байх ёстойг онцлоод үгээ өндөрлөлөө.

Б.МАНДАХ













Гэрэл зургийг О.МӨНХНАСАН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Санал асуулга
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой