news.mn politics.news.mn google.mn
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Архины хяналтын тухай хууль хэзээ төрөх вэ

2013 оны 04 сарын 06

Дуулиан шуугиантайгаар өчигдөр нээлтээ хийсэн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэх мэт том том хуулийн жагсаалт дурайжээ. Харин иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж буй Архины хяналтын тухай хуулийн тухай сураг алга. Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхэд хамгийн ихээр халдаж буй этгээд бол өнөөдөр архичид болчихоод байна. Төрийн албанд ажиллагсдын эрх зүйгээс илүүтэй архины хэрэглээнд анхаарал хандуулж хяналт тогтоох хуулийг өнөөгийн нийгэм хууль тогтоогчдоос нэхэж байна.

Согтуу хүргэн хадмуудаа шатааж, элэг бүтэн ам бүл голомтоороо сүйдсэн хэргийн цаад “эзэн” архи байлаа. “Хүргэн яагаад гал тавив”, “Нийгмийн бухимдлын нэг илрэл” гэх мэт нийтлэлүүд хэвлэлийн хуудаснаа үргэлжилж байна. Гарцаагүй л манай нийгмийн ялзрал улам өмхийрч байгаагийн гэрч дээрх хэрэг яг мөн. Архидан согтууралт хэрээс хэтэрч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэх тодотголтой гэмт хэрэг гаарч буй нь үнэн. Савнаасаа бусдыг дийлдэг энэ ундааны замбараагүй хэрэглээг аргамжих төрийн бодлого одоохондоо алга. Дээр нь хөлөөрөө толгой хийсэн хөлчүү иргэдээ “хариулах” хуулийн байгууллагын чадал ч ядмагхан. Цагдаа нарын хойрго зангаас болж энэ айлыг архины гай нөмөрлөө шүү дээ. “Архи” айлд өөрөө орж ирж асгараад гал тавьсан хэрэг биш. Гэхдээ арслан барс шиг аймаар хэрэгтнүүдийг энэ хэцүү нэрт төрүүлж байна. Дээрх согтуу хүргэн шиг хэдэн “гай” хэдэн хүний амь насанд аюулд учруулж болзошгүйг хэн ч таашгүй.

Дахиад согтуугийн гайгаас хоёр хүний эрдэнэт амь сүйдсэн мэдээлэл шил даран гарч ирэв. Хан-Уул дүүрэгт орон сууцны зургадугаар давхраас хоёр залуу унаж амиа алджээ. Амьдралдаа хөлөө олох гэж ядаж яваа 20 гаруйхан настай залуус өнөө хэцүү нэртэд бүдэрч амиа алджээ. Байнга архидан согтуурч байдаг тэдгээр залуус хэрэг гардаг шөнө нэлээд муудалцаж, хэрүүл нь эмгэнэлээр төгсчээ.

Нөгөө талаас өнөөдөр Монгол Улсад хууль дээдлэх ёс алдагдсаныг дээрх хэргүүд харуулж байна. Бүх зүйл “арын хаалга”-аар. Хэсгийн цагдаагийн ажил хууль, журмын дагуу явагдсан бол авгайгаа зодсон агсам эр зургаан хүний амь насанд аюул учруулах байсан болов уу. Архины худалдаа ном журмын дагуу байсан бол энэ олон хөлчүү иргэд ухамсаргүйгээр гэмт хэрэг үйлдэж, хохирогч болох байсан болов уу.

Архичдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг дараах статистик харуулна. Оны эхний мэдээгээр Монгол Улсын үйлдвэрлэсэн, импортолсон согтууруулах ундааг насанд хүрэгчдэд хувааж үзэхэд нэг хүнд 48.5 литр спирт ноогджээ. Энэ тоо 2009 онд 36.4 литр байсан бол даруй 12.1 литрээр нэмэгдсэн байх юм.

Өглөө бүрийн цагдаагийн рапортын мэдээг УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн нэг уншаад үзээрэй. Цагдаагийнхны жижиг хэмээн “мяалдаг” танхайн хэргийн дийлэнх нь архидан согтуурлаас үүдэлтэй. Ялангуяа хүйтэн мэс хэрэглэж хүний амь нас хохироосон хэрэг дандаа л архидан согтуурлын улмаас гарсан байдаг шүү дээ. Ширээн дээрээ овоолсон том том хуулийн төсөл, гэрээ хэлцлээс илүү айл бүхэнд айдас дагуулж буй архины асуудлыг тамхи шигээ чангатгах хэрэгтэй байна. Иргэдээ, нийгмээ аврах Архины хяналтын тухай хууль хэзээ мэндлэх вэ, эрхэм гишүүд ээ.

Б.БЯМБАА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Санал асуулга
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой