news.mn politics.news.mn google.mn
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

С.Баяр: Харамсч байна

2013 оны 03 сарын 25

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярын “Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагыг толилуулж байна.

-Сайн байна уу. Ярилцах боломж олгосон Танд талархал илэрхийлье. Сайхан хаваржиж байна уу?

-Сайхан хаваржиж байна. Сайн уу, Батбаатар аа.

-Сайн. Таны бие тэнхээ сайн уу?

-Бие сайн. 

-Таны эмчилгээ үргэлжилж байгаа юу? Үр дүн сайн биз дээ? Ноднин зүрхний нэлээд нарийн хагалгаа хийлгэсэн, амжилттай болсон гэж дуулдсан...

-Тийм. Нутагт манай эмч нар оношийг нь тавиад урьдчилсан бэлтгэлийг хангасан байсан. Тийм учраас цаг хожсон шүү. Ирээд л хагалгаанд орсон. Одоо бол дажгүй л болчихоод байна.  

-Бүл нэмсэн гэж бас дуулсан. Танд баяр хүргэе. Охин том болж байна уу?

-Баярлалаа. Охин том болж байна. Наддаа бол хамгийн сайн эм дом энэ л болоод байна даа.

-Та юу хийж байна даа? Наана чинь очоод ирсэн хүмүүсээс дуулахнаа Таныг эрдмийн ажил хийж байгаа гэсэн. Тийм үү? 


-Эрдмийн ажил гэх ч юу юм. Яахав, зүгээр суултай биш, хааяа ганц нэг ном шагайсан шиг л байж байна. Энд Вашингтоны Их сургуулийн дэргэд Жэксоны нэрэмжит том сургууль, судалгааны төв байдаг. Олон улсын харилцаа, Ази, Номхон далайн орнуудын аюулгүй байдлыг түлхүү судалдаг газар. Би одоогоос хорин жилийн өмнө Азийн сангийн шугамаар энд ном үзэж, судалгааны зарим ажилд нь оролцож явсан юм. Тэр үед танилцсан багш, судлаач нартай ажил хэргийн сайн харилцаатай хэвээрээ л байдаг. Эрдэм шинжилгээний ганц нэг хурал, номын сан, энэ тэрд сууж  байгаа.    

-Таныг докторын зэрэг хамгаалж, Ph.D хийх гэж байна гэж сонссон. Нууц биш бол яг ямар сэдвээр зэрэг хамгаалах гэж байгаа вэ?


-Өө, за за. Нутгийн таньдаг хүмүүс энүүгээр дайраад өнгөрсөн. Жэксоны сургуулиар орж надтай уулзаад, бид хамтдаа манай сургуулийн гуанзанд жаал хууч хөөрсөн удаатай. Би буруу ойлгуулсан уу, тэр хэд очоод жаахан давсалчихсан юм болов уу. Ph.D хийж байгаа юм биш ээ. 1993-1996 онд энд ажиллаж байхдаа “Жижиг орны аюулгүй байдлын онцлог” гэсэн сэдэв судалж байсан юм. Манайх тэр үед Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлалаа ид боловсруулж байлаа. Тэр чухал ажилд хэрэг болох болов уу гэж намайг тэр үед наашаа явуулж билээ. Сүүлд УИХ-аар баталсан Үзэл баримтлалд миний томилолт хэрэг болсон нь юу л бол. Харин надад бол нэлээд их юм өгсөн. Үнэхээр нүд, чих нээгдсэн үе байсан.

-Жижиг орны аюулгүй байдал гэхээр чихэнд содон сонсогдож байна. Аюулгүй байдал аль ч оронд, том жижиг гэлтгүй адил чухал юм биш үү. Заавал жижиг гэж онцлохын учир нь юу юм, тэр онцлог нь юундаа байдаг юм бол?

-Наад мэтийн асуултад чинь шинжлэх ухааны үндэслэлтэй, бүрэн гүйцэд аналитик хариулт өгч чадвал эрдмийн том бүтээл болно л доо. Хүнийг өндөр нам, тарган туранхай, бяртай бяргүй гэдэг шиг улс гүрнүүдийг ч том жижиг, хүчтэй хүчгүй, нөлөөтэй нөлөөгүй гэх мэтээр ангилж ялгадаг. Эдгээрийн хэмжүүр нь тухайн улсын хүн ам, газар нутгийн хэмжээ, цэрэг-улс төр, үйлдвэр-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн чадавхи нь байдаг. Цаашлаад хүний нөөц, түүний чанар, боловсролын түвшин гээд дотор нь задлаад гуч гаруй үзүүлэлт, шалгуураар цэгнэдэг. Том жижиг гэдгээрээ ялгараад, газар зүйн байрлал, орчин хүрээлэл, тухайн цагийн нөхцөл байдал зэргээсээ хамаараад улс орнууд аюулгүй байдлаа өөр өөр аргаар хангадаг. Том гүрэн улс төр-эдийн засаг, цэрэг-техник гээд бүхий л чиглэлээр хүчээ зузаатган нөлөөгөө нэмэгдүүлж, аюулгүй байдлаа хангадаг бол жижиг оронд тийм боломж бололцоо хомс буюу огт үгүй. Тийм учраас л ухаан зарах, сийлэх шаардлага гардаг. Бололцоо чадавхи, орчин тойрондоо зохицсон яг ямар бодлого баримталбал улс орноо амар тайван, бүрэн бүтэн байлгах вэ гэсэн асуултад л хариулна гэсэн үг л дээ. Маш товчхон яривал ийм л сэдэв юм.

-Жижиг орны аюулгүй байдал гэхээр зөвхөн нэг орон биш, өөр бусад орны жишигтэй харьцуулж судлах ёстой болох уу?

-Тийм. Наадах чинь судалгааны тусдаа нэг том хэсэг юм. Жишээ нь, Швейцарь гэдэг улс байна. Манайхыг бодвол том улс л даа. Харин Герман, Франц, Англитай харьцуулбал жижиг улс. Гэхдээ хөрш томчуулынхаа хөлд гишгүүлчихэлгүй оршин тогтносоор өдий хүрлээ. Сүүлийн хоёр зуун жил Европ тив олон том дайн байлдаанд нэрвэгдэхэд Швейцарь л амиа авч гарч чадсанаар барахгүй, “дэлхийн диваажинд” тооцогддог болсон.

Эсвэл Финланд гэж улс байна. Орос, Швед гэдэг хоёр том гүрний дунд “халиуны зулзага” болж, олон зуун жил зовсон орон. Гэтэл дэлхийн II дайны дараа, хүйтэн дайны жилүүдэд тун ухаалаг, прагматик бодлого баримталсны хүчинд хөл дээрээ босож, бүр бэлжээд, амьжиргааны түвшин, аюулгүй байдлын үзүүлэлтээрээ том том гүрнүүдийг ардаа орхисон байх жишээтэй.

Израиль байна. Цэрэг-дайны чадавхи, тусгай албадын бэлтгэл зэргээрээ дэлхийд гайхуулдаг. Үүнийхээ хүчээр тун таагүй орчин хүрээлэлд нэг их амар тайван биш ч гэлээ элбэг хангалуун амьдарсаар л байна.

Энэ гурван орны аюулгүй байдлаа хангадаг арга нь огт өөр. Нэг нь төвийг сахиж дэлхийн банк санхүүгийн төв болох бодлого барьсан. Нөгөө нь хөрш том орнуудынхаа эдийн засгийг тэтгэх, дэмжих чиглэлээр аж үйлдвэр, дэд бүтцээ хөгжүүлж чадсан. Гурав дахь нь цэрэг-техникийн давуу тал, улс төр-дипломатын нарийн бодлого, дэлхийгээр нэг тарсан еврейчүүдийн нөлөө, нөөлөг  дээрээ түшиглэсэн байх жишээтэй.  

Эерэг эдгээр жишээтэй зэрэгцээд хэцүүдэж, муугаа үзэж яваа жижиг орон олон байна. Энэ бүхнийг судалж, анхаарч, Монгол орныхоо сул болон давуу тал, эерэг сөрөг хүчин зүйл, орчин хүрээлэл, одоогийн нөхцөл, эрсдэл бололцоо зэргээ нарийн тооцоод хөгжил, аюулгүй байдлын параметраа байнга тодотгож байх учиртай. Түрүүн миний ярьсан Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал бол ерөнхий чиг бодлогын, стратегийн баримт бичиг. Түүнийгээ тухайн цаг цагт нь нийцүүлж тодорхой тактик болгон, төрийн бодлогодоо тусгаад явахыг л аюулгүй байдлаа хангана гэж хэлдэг.

-Та хорин жилийн өмнө энэ сэдвийг судалж байсан гэлээ. Тэр үед үүнийгээ эрдмийн бүтээл болгож, зэрэг дэв, Ph.D ч юм уу хамгаална гэж бодож байсан уу?  
                 

-Тэр үед Ph.D хийнэ гэх бодол байх нь байсан. Бас ч гэж судалгааны овоо материал цуглуулчихсан, сургуультайгаа ярьчихсан байсан шүү. Би л сонгууль, улс төр гээд өөр тийш даялаад  яваад өгсөн байдаг. Тэгээгүй бол бүтэх ч байсан байж мэднэ, энэ бодол маань. Одоо бол миний хувьд аль ч сэдвийг шохоорхохоос цаашгүй л дээ.

-Яагаад цаашгүй гэж?

-Ph.D хийнэ, докторын зэрэг хамгаална гэвэл өнгөц шохоорхох биш, гүнд нь орж судлах хэрэгтэй болно.  Хамаг цаг заваа, бололцоогоо үүнд зориулна гэсэн үг. Тийм хүсэл сонирхол надад үнэндээ алга. Тэгдэг нас ч биш юм. Би тавь хол гарчихсан хүн. Үсээ цайтал, унатал суугаад, хэдэн жил зүтгээд энэ ажлын ард гарлаа гэж бодъё. Жартай доктор болох уу? Боллоо гээд яах ч билээ. Нөгөө жар хүрч ухаан суугаад, жаран нэгтэй яана гэдэг билээ… тийм юм болох уу (инээв).
 
Яахав, урьд судалж байсан сэдвээ хорин жилийн дараа эргээд сонирхоход сургамжтай л юм. Тэр үед бичиж байсан санаа оноо, хийж байсан дүгнэлт таамгаа эргээд уншихад сонин л юм. Зөв байж дээ ч гэх юм байна. Инээдтэй ч юм бас байж л байна.

-Юу нь инээдтэй гэж?

-Тогтож яривал юм юм л байна. Жишээ нь, хорин жилийн өмнө гарч байсан судалгааны олон бүтээл байдаг. Тэнд “Социализм мухардлаа, капитализм яллаа. Одоо либерал ардчилал, чөлөөт зах зээл даян дэлхийн бүх орныг бүрэн эзэгнээд, хүмүүн төрөлхтөн жаргалын манлайд хүрч, түүх өндөрлөнө” гэх маягийн санаа оноо зонхилж байлаа. Ноднин манай оронд зочлоод явдаг Фүкүямагийн алдарт прогнозын хаялга. Би ч гэсэн тэр үед тиймэрхүү л утга санаатай юмыг сайхан сайхан туудаг байж дээ. Гэтэл тэр “жаргалын манлай нь” одоо хаа ч байгаа юм. Нөгөө “түүх өндөрлөх нь” ч юу боллоо. Хөгтэй л юм. Гэхдээ хөгтэй, инээдтэй байж гэдгээ хожимдсон ч гэлээ ухаарч байгаа бол  сайн хэрэг. Энэ нь өөрөө хөгжил дэвшил юм даа. Тийм ээ. (инээв).

-Та дурсамж, дуртгалаа бичиж байгаа гэж надад ярьж байсан. Түүнийгээ бичсэн хэвээр үү? Хэзээ дуусах вэ?

-Мэдэхгүй. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй ажил эхэлчихсэн юм байна. Бичээд байвал ч цувуулаад явуулаад л байх бололтой. Надад бол сайхан л зугаа болдог. Дурсан санах, санаснаа эргэцүүлэх, алдаа оноогоо дэнслэх, тэгснээ сууж аваад бичих бол сайхан. Яг энэ үйл явц нь надад бол таалагдаад байгаа юм, уг нь. Гэхдээ үйл явц өөрт таалагдах нь нэг хэрэг. Үүнээс гарах үр дүн нь өрөөл бусдад таалагдах эсэхийг би хэлж мэдэхгүй. Оочин цоочин юм бол зөндөө л биччихэж. Үүнийгээ нэг эмхтгэх, хооронд нь уялдуулж холбох хэрэгтэй л болно байх даа.

-Таны дурсамж олны сонирхол татаж таарна. Манай “Өнөөдөр” сонинд ганц нэг хэсэг, бүлгээс нь нийтлүүлж болох уу гэж Танаас асуухад, “Болох л юм” гэж байснаа санаж байна уу. Уг нь “За гэвэл ёогүй” байдаг хүнсэн, Та.

-Хэний ч дурсамж сонин л доо. Үнэн л юм бичих ёстой. Түүнийгээ сонирхолтой хэлбэрээр буулгах хэрэгтэй. Бид улс, нийгмийнхээ том шилжилтийн нэн сонин үед амьдарч байгаа, бас ч гэж азтай улс. Түүх бидний нүдэн дээр бүтэж байна. Маш сонин өвөрмөц түүх. Бид бүгдээрээ том том үйл явцын гэрч болж байна. Мань мэт нь бас энэ үйл явцын идэвхтэй оролцогч нь байлаа. Уйдах, эргэцүүлэх завгүй шахуу туусаар өдий хүрч. Би найз нөхөд, ойр тойрныхондоо тэмдэглэл хөтөл, бод, эргэцүүл, бич гэж хэлдэг. Үүнийгээ нийгэм, ирээдүйн өмнө хүлээж байгаа үүрэг ч гэж үзэж бас болно. Ялангуяа тэр идэвхтэй оролцогч нар нь.

Өнгөрсөн үеэс үлдсэн албан баримт, хурлын тогтоол, протокол зэргийг яаж ийгээд олж болно. Харин үйл явдлын амьд гэрчийн халуун яриа, хувийн дүгнэлт, амьдралын аахар шаахар ч гэлээ “амьд факт” бүхий дурсамж, дуртгал бол дэндүү цөөн. Том мөрөнг тэтгэдэг уулын олон горхи, булаг шанд шиг тал талаасаа нийлээд эдгээр нь Монголын түүх болох ёстой. Амьд, үнэн, сонирхолтой түүх болох учиртай даа.

-Манай сонинд дурсамжаасаа нийтлүүлэх тухайд Та хариулсангүй...


-Яагаад болохгүй гэж. Болох л юм. Танай сонинд гэхээсээ надад илүү тустай болох биз. Бичээд байгаа юмыг маань хүн ерөөс сонирхох юм уу, үгүй юү гэдгийг мэдэж, мэдрэхэд хэрэгтэй л байх. Тэр оочин цоочин, олон задгай юмнаас алийг нь явуулахаа би бодъё. Ганц нэг юм нийтэлсний дараа хүмүүсийн сэтгэгдэл ирэх юм бол чи надад өгөөрэй. Бичиж байгаа юмныхаа хэмжээ хэмнэл, хэлбэр форматыг нь олоход надад бас хэрэгтэй.  

-Та улс төрд олон жил болсон хүний хувьд Монголын улс төрийн амьдралын тухай бичиж байгаа биз дээ?

-Мэдээж. Үзсэн, туулснаа л бичиж байгаа хойно. Тэрэн дотор сүүлийн гучаад жил Монголын улс төрийн халуун тогоонд чанагдсан маань орох ёстой. Би ч үе тэнгийнхэн дотроо нэлээд эртний динозаврын тоонд орно биз. Думаагийн Содном гуай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга байх үед би орлогч сайд болж байлаа. Тэр үеэс л миний улс төрийн амьдрал эхэлсэн.  Гэхдээ бичиж суухад нэг юм ажиглагдсан. Бага, залуу насны дурсамж гэдэг нь харьцангүй амар эд аж. Харин улс төр, эдийн засаг гэдэг бол маш олон хүний оролцоо, үйлдэл хөдөлгөөн, ашиг сонирхлын зөрчил, нэгдэл дээр суурилдаг. Ялангуяа шинэ цагийн улс төрийн амьдрал. Болсон процессийг зүгээр тоочоод өнгөрч болох л байх. Харин хувь хүнийхээ хувьд дүгнэх, оношлох нь тун амаргүй. Тодорхой цаг хугацаа өнгөрөх ёстой юм байна. Халуун мөрөөр нь дүгнэх аргагүй. Яаран дааран дүгнээд унавал нөгөө Фүкүямаг дагаж хөөрцөглөхтэй адил юм болно.

Бичих ажил маань сунжраад байна, хаана очиж дуусах нь тодорхойгүй байна гэж чамд хэлээд байгаагийн учир нь  энэ. Түргэн, түүхий гамбир хайрмааргүй байна.

ЦАГААЧЛАХ ТУХАЙД ГЭВЭЛ НАД ШИГ НАМТАРТАЙ,
МИНИЙ НАСНЫ ХҮНИЙ ХИЙДЭГ АЖИЛ БИШ

-Улс төр гэснээс Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. “Баяр сонгуулийнхаа штабыг байгууллаа” гэсэн мэдээ гарсан. Та энэ сонгуульд ямар байр сууринаас оролцох бол?

-Сонгогчийн байр сууринаас оролцоно. Саналаа өгнө.

-Мэдээж, одоогийн Ерөнхийлөгч, МАН-аас нэр дэвшигчийн хооронд гол тулаан болох байх. Үр дүнг нь та хэрхэн таамаглаж байна вэ?

-Ирэх сонгууль, болох наадмын үзүүр түрүүг тааварлаад, түүнийгээ яриад суудаг нь би биш л дээ.

-Эзгүй хойгуур чинь Таныг чиглэсэн баахан хар PR явдаг нь бараг зүй тогтол болчихож. Та үүнд хэрхэн ханддаг вэ? Ямар нэгэн хариу барина даа гэж боддог уу? Жишээ нь, “Ерөнхий сайд асан С.Баяр Канад руу цагаачлахаар шийджээ” гэх утгатай мэдээлэл саявтар гарсан. Та сонссон л биз дээ?


-Сонссон. Ийш тийш цагаачлах тухайд гэвэл энэ нь над шиг намтартай, миний насны хүний хийдэг ажил биш.

Намайг эзгүйд баахан хар PR явдаг гэж хэллээ. Хүн, техник шиг тэр чинь өөрөө “явдаг” эд биш л дээ. Түүнийг зориуд түлхэж, түлшийг нь хийж байгаад “явуулдаг”. Яагаад, яаж хөдөлгөдөг, хэн, хэзээ явуулдаг нь тодорхой. Тааж цөхөөд байх юмгүй. Манайх шиг цөөхөн хүнтэй газар нууц юм гэж байх биш. Үүнд  яаж ханддаг вэ гэж асуулаа. Тоохгүй л хаях хэрэгтэй ш дээ.

Хариу барихын тухайд гэвэл чи мэднэ дээ, миний хандлагыг. Намайг Ерөнхий сайд байхад чи Засгийн газрын Хэвлэл мэдээлийн албаны дарга байсан хүн. Тэр үед хар PR байсан уу. Одооноос хавьгүй их байсан. Тэр үед өөрийгөө магтах, өрөөлийг муулах чиг зүг танай албанд би өгч байсан уу. Үгүй. Тэр үед хөдлөөгүй юм, одоо хөдөлнө гэж байх уу? Үгүй шүү дээ.

Францын Ерөнхийлөгч асан Де Голь хэлсэн байдаг. Над руу угаадас цацлаа гэхэд тэр нь намайг онооч уу, үгүй ч үү. Харин угаадас цацдагт нь угаадасны үнэр нэвт шингээстэй гэсэн утгатай үг байдаг санагдаж байна. Орчноо шинжвэл угаадасны эхүүн үнэр нэвт шингэчихсэн яваа этгээд цөөнгүй л таардаг.  Тэглээ гээд яах гэж? Холуур тойрсгээд салхин дээгүүр нь гарах хэрэгтэй. Зууралдах хэрэггүй. Үнэр нь шингэж мэднэ.

Манай улс төр ч тэр, хэвлэл мэдээлэл ч тэр өсөлтийн бэрхшээлээ л туулж явна. Гол нь эрх, үүргийн тэнцвэр огт байхгүй. Хөлд, хэлд орж байгаа балчир хүүхэд шиг. Заримдаа овоо босоод зогсчихсон, заримдаа дөрвөн хөллөчихсөн байх жишээтэй. Гэхдээ хорин настай Монголын ардчилалд байтугай, хоёр зуун настай Америкийн ардчилалд ч ийм маягийн зовлон бэрхшээл гарч л байдаг юм байна. Тэгсгээд тэнцвэрээ олж, зүгшрэх байлгүй дээ. Яваандаа зүгширдэг  л хорвоо. Харин тэр зүгшрэхийг нь мань мэтийн динозавр үзэж амжихгүй ч байж мэднэ.  
 
-Жилийн өмнө УИХ-ын сонгууль болох гээд бужигнаж байсан. Нэр дэвших, ядахдаа жагсаалтад бичигдэх хүний нэг нь Таныг гэж сонгогчид тооцож байсан байх. Татгалзсан шалтгаан тань юу байв. Бие, эрүүл мэндийн байдал гол шалтгаан байсан байх. Өөр ямар нэг учир байсан уу?

-Чи түрүүн миний эмчилгээний явц, хагалгаа гээд асуугаад байсан. Би энэ талаар яриад байх дургүй. Ямар гавьяа байгуулчихсан биш, өвчин эмгэгээ тоочих хэн ч дургүй. Гэхдээ өвдөөд боссон хүн нэгийг боддог. Хүндхэн өвдөөд боссон хүн нэлээдийг боддог гэдэг. Амьдрал, юмсын үнэлэмж ч арай л өөр болдог юм байна. Улс төрийн амьдралд бүрэн дүүрэн, дүүрэн хаазтай ч гэмээр юм уу даа, оролцох  боломжгүй л болсон юм бол тэр хавьд сүүтэгнэж, өдөр хоногоо барж байх хэрэггүй. Би энэ тухай нэг биш удаа ярьж байсан даа. Байвал байсан шиг бай, явбал явсан шиг яв гэж. Би эргэж хургасан, хагас хугас хэмжээтэй, жирэмсэлсэн ч юм шиг, үгүй ч юм шиг хоёрын хооронд юманд үнэн дургүй.

Тиймээс ноднингийн сонгуульд оролцох, эсэх тухайд миний байр суурь эхнээсээ л тодорхой байсан. Өөр ямар нэгэн учир шалтгаан энд байхгүй. 
 
-УИХ-ын сонгуульд МАН, АН-ын аль нэг нь ялимгүй давуу байдлаар ялах нь үндсэндээ тодорхой байсан. Тиймээс 2008 оных шиг хамтарсан Засаг байгуулах юм байна даа гэсэн хүлээлт нэлээд байсан болов уу. Та ойрын жилүүдэд хоёр гол нам хамтран ажиллах нь улс орны ирээдүйд чухал гэсэн байр суурийг баримталдаг хүн. 2008 онд МАН ялсан ч, АН-д санал тавьж хамтарсан Засгийн газар байгуулсан үйл явцыг Та “Түүхэн сонголт” гэж нэрлэж байсан санагдана. Харин 2012 оны наймдугаар сараас сонголт өөр замаар явчихлаа. Юу бодогддог вэ?

-Харамсаж байна. Үнэн голоосоо харамсдаг учраас хэлэх ч үг олддоггүй юм. Үүлэн чөлөөний нар шиг боломж шинэ зууны гараан дээр бидний Монголд олдсон. Дэлхийн, бүс нутгийн бизнес-эдийн засгийн нэн таатай конъюнктур байдлыг ашиглаад ухасхийх бололцоо бидэнд уг нь байгаа юм. Хөгжил талаасаа ч, аюулгүй байдал талаасаа ч ухасхийн урагшлах бололцоо. Тэр бололцоог тус тусдаа биш, хамтдаа л хэрэгжүүлэх боломжтой. Өөр шаанс байхгүй. Хамтдаа гэдэг нь бүгдээрээ биш юмаа гэхэд дор хаяж хоёр том нам нь ижил тэгш оролцоод гэсэн үг. Улс орны хөгжил, аюулгүй байдлын суурь болсон том том асуудлыг өнөөдөр аль ч нам дангаараа шийдэх боломжгүй. Хамтраад ч шийдэхэд бэрх байгаа асуудлыг дангаараа шийднэ гэж бүр байхгүй. Энэ бол аксиом. 

Хий хоосон улстөржсөн, “муу эр дайнд хөөрсөн” маягийн сэтгэлгээнээс болж, өөрийгөө өрөөл бусдаас илүү эх орондоо “аймаар их” хайртай мэтээр харуулах гэсэн хямдхан популизмаас болж Монгол орноо босгох биш хэвтүүлэх, эвлүүлэх биш задлах заваан хандлага гаарсаар л  байна. 

2008 оны сонгуулийн дараа энэ буруу хандлагыг зогсоох гэж би оролдсон. Сонгуульд ялсан ч нөгөө талдаа гар сунган, хамтарсан Засаг байгуулаад, цөөн ч гэлээ хэдэн том асуудал хамтаараа шийдсэн. Оюутолгойн гэрээ, Атрын III аян, бүртгэлийн шинэчлэл гэх мэтийн тодорхой ажил хийж амжсан. Үүний үр дүн ч гарсан. Монгол Улс хөгжлийн хурдцаараа сүүлийн хоёр жил дэлхийд рекорд тогтоолоо, хорин хувь гаран алдлаа гээд л өнгөрсөн сонгуулиар шуугиад байсан. Энэ бол хамтарсны л үр дүн. Өөр юу ч биш. Биднийг шүүмжилж, гоочилдог л доо. “Хөгжлийн хорин хувь гэдэг бол макро эдийн засгийн үзүүлэлт. Ард түмний амьдралд энэ нь нөлөөлсөнгүй” гэж. Макро эдийн засгийн ийм үзүүлэлтээ ядаж таван жил тогтвортой барьж чадвал микро түвшинд буюу ард иргэдийн аж амьдралд энэ нь нааштай нөлөөлж эхэлдэг гэдэг нь өөр аксиом. Эдийн засгийн аксиом.

Хамтраад амин гол асуудлаа шийдэх гэсэн хандлага тасарсанд би үнэхээр харамсаж байгаа. 2008 онд бид сонгуульд ялчихаад хамтрах санал хүргүүлж байлаа. Энэ бол нийгмийн сэтгэлгээ, улс төр-хуулийн тогтолцоо талаасаа тун амаргүй зүйл байсан. Гэхдээ бид эхлээд үүнийг нам дотроо илэн далангуй хэлэлцсэн. Эхлээд эргэлзэж байснаа журмын нөхөд маань эцэстээ миний саналыг бүрэн дүүрэн дэмжсэн. Нөгөө талд ч саналаа ойлгуулж, хэрэгжүүлж чадсан. Ард түмэн ч хамтраад зүтгэхэд маань дэмжиж, ам сайтай байсан шүү.

2012 оны сонгуульд хэн ч ялсангүй. Ард түмний сонголт нь ийм байв. Хэнийг ч ялуулаагүй нь хамтраад зүтгэ гэсэн үүрэг, захиалга биш гэж үү? Гэтэл нийгмийнхээ энэ захиалгыг уландаа гишгээд, түүхэн ийм бололцоон дээгүүрээ хээвнэг гишгэлээд гарахад нь би харамссан. Дахиад л хайран цагаа хий хоосон улстөржөөд барах нь. Даанч дээ. Дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй дээ гэж сэтгэл их гонсойсон. Нөгөө л улстөржсөн сэтгэлгээ, нөгөө л хямдхан популизмд  бууж өгөөд, ялагдаад байх шиг. Яалтай ч билээ.      

МӨН Ч ОЛОН ДАВАА ДАВЖ ҮЗСЭН НАМ ДАА, МАНАЙ НАМ

-Шинэ Засгийн газар өөрийгөө “Шинэчлэлийн” гэж нэрлэсэн. Ард иргэд ч их зүйлийг хүлээж байгаа нь анзаарагдаж байна. Харамсалтай нь хүлээлт, итгэл жаахан цөхрөх тал руугаа орчих гээд байх шиг.

-Норовын Алтанхуягийн Засгийн газарт би сэтгэлийнхээ угаас амжилт хүсэх ёстой хүн. Хүсэж ч байгаа. Гэтэл сая ярьсанчлан, мордохын хазгай л болоод байх шиг. Засгийн газраа юу ч гэж нэрийдэж болно л доо. “Шинэчлэлийн” гэхийн цаад санаа нь зөв байж болно. Шинэчлэл хэрэгтэй нь ч үнэн. Шинэчлэгдэж байж хөгжинө. Гэхдээ юугаа шинэчлэх вэ? Харагдсан болгоноо шинэчилнэ гээд байвал бүтэхгүй. Тэгээд ч энд тэнд ёрдойсон үзүүрээс нь биш, ёзоороос нь шинэчлэлээ хийх хэрэгтэй биз. 

Давын өмнө сэтгэлгээний шинэчлэл хэрэгтэй. Бие биеэ дайсагнасан, нэг нь нөгөөгөө окопноос цухуйх маягаар харсан “дайны сэтгэлгээ”-нээсээ салах хэрэгтэй. Нам намаараа хуваагдаж дайтдагаа, “улааныхан ба харынхан” болж тоглодгоо одоо орхих хэрэгтэй. Социализмын нэг л дошин дээр хамт тоглож өссөн хүүхдүүд одоо хэн нь хэндээ ардчилал гэдэг хичээл заагаад, багш царайлаад байгаа юм бэ гэмээр. Хичээлээ давтсан, ойлгосон өнөөгийн байдлаас нь үзвэл аль аль маань л анги дотроо хойгуурхан суудалтай, ширээ дэрлээд, “эх орны алтан гурав” чирээд л явж байх шиг. 

Ноднингийн сонгуулийн дараа Германы нэг улстөрчтэй би  Булган, Сэлэнгээр хамт явлаа. Түүнтэй олон жил үерхэж, бие биеэ гайгүй сайн мэддэг болсон учраас илэн далангүй л ярилцаж явав. Тэр надаас манай улс төрийн намуудын тухай, алийг нь “барууны”, алийг нь “зүүний” нам гэж үзэх, намуудын бодлого, үйл ажиллагаа нь яаж ялгардаг гэх маягийн юм асуугаад байв. Эцэст нь, “Танай энэ олон нам хоорондоо ялгарах юм огт алга” гэж дүгнэж билээ. “Огт алга” гэх нь ч юу юм. Гэхдээ манай улс төрийн намууд төлөвшиж чадаагүй, ам ажил хоёр нь саланги, олон талаасаа “ногооноороо” байгаа гэдэг нь үнэн. Төлөвших боломж, цаг хугацаа ч хангалттай байсангүй. Хорин жил “шилжилт”-ийн зам туулсаар өнөөг хүрсэн. Байгаа энэ янзаараа  бол шилжилт маань дахиад ч хорь байтугай жил үргэлжлэх бололтой.
 
Монгол Улс маань нэг цул юм. Ардчилсан Намын Монгол Улс, Ардын Намын Монгол Улс гэж байхгүй. “Би бүгдийг хуу шинэчлэнэ. Тэр зуур чи цаанаа байж бай” гэх байдлаар хандвал юу ч бүтэхгүй. Нийгмээ бүхэлд нь хамарсан томоохон шинэчлэл үнэхээр хийх гэж байгаа бол дангаараа биш, хамтаараа зүтгэж байж л амжилт үзнэ. Өөр арга байхгүй. Энэ бол миний итгэл үнэмшил. Ганц минийх ч биш гэдэгт бат итгэж байна.

-Оюутолгойн гэрээ зөв болсон, буруу болсон гэх яриа одоо ч тасраагүй л байна.  Та энэ талаар дуугарах юмтай, хэлэх үгтэй хүний нэг гэж үзээд энэ сэдвийг хөндөж байна л даа.
            
-Цагийн юм цагтаа гэдэг. Би цагтаа энэ сэдвээр хангалттай дуугарсан. Дуугарах байтугай хүчтэй дугтарч байгаад гэрээг байгуулсан гол хүн нь би мөнөөс мөн. Тиймээс гэрээ буруу болсон гэвэл гол буруутан нь би мөн. Улс төрийн шийдвэр гаргасан учраас. Харин зөв болсон гэвэл гавьяаг хуваалцах хүн олон байна байх. Улс төрийнхөөс бусад шийдвэрийг гаргахад оролцсон хүн олон учраас. 

-Оюутолгойн гэрээ үнэхээр авах юмгүй муу гэрээ болсон, түүнийг даруй цуцлах ёстой гэж байсан хүмүүсээс УИХ-д сонгогдоод, зарим нь бүр Засагт суудал эзлээд, ороод ирсэн байгаа. Энэ гэрээг цуцлагдана гэж Та боддог уу?
             
-Цагийн юм цагтаа гэж би түрүүн хэлсэн. Цагтаа хийнэ гээд л гэрээг хийсэн. Одоо цуцалдаг цаг нь ирсэн гэвэл эрх мэдэл нь байж л байна. Хөндлөнгөөс мань мэт нь яах  ч билээ. Уг нь, энэ гэрээтэй холбогдуулж улсаас нэг ч төгрөг зараагүй байгаа. Энэ гэрээтэй холбогдуулж одоохондоо чимх ч зэс, атга ч алт тэр уурхайгаас гадагшаа гараагүй л байна. Тийм биз?  Гэтэл бүтээгдэхүүнээ гаргаж эхлээгүй атлаа хаялгаа өгөөд эхэлчихсэн төсөл шүү дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тээр дээрээсээ айлдсан байсан. ”Өсөн тэлж буй Монголын эдийн засагт өнөөдөр эргэлдэж байгаа мөнгөний гуравны нэг нь Оюутолгойн хаялга ” гэж. Ийм л юм.  

-Оюутолгойн гэрээнд дахин гар хүрэх шаардлагагүй “төгс төгөлдөр” баримт бичиг болсон гэж та арай үздэггүй биз дээ. Энэ гэрээг сайжруулах, Монголын эрх ашигт илүү нийцүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүст та юу гэх вэ?
            
-Гэрээ “төгс төгөлдөр” болсон гэж би хэзээ ч хэлж байгаагүй. Ерөөс төгс төгөлдөр гэх юм хүний бодит амьдралд байхгүй, бодол мөрөөдөлд л байдаг зүйл. Гадаад, дотоод хоёр тал оролцож байгуулсан гэрээ байтугай, дан дотоодын оролцоотой нэг талаас баталсан Үндсэн хуулинд маань хүртэл сайжруулах юм цөөнгүй бий. Хоёр талын гэрээ учраас нөгөө талтайгаа хэлэлцэж, учраа олж байж л түүнд “гар хүрнэ”. Би гэрээг сайжруулахын эсрэг биш, төлөө байдаг хүн. Гэхдээ “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий” л гэж болгоомжилдог.

-Авлигын асуудал, албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар Та мэдээ сонсож байгаа байлгүй. Арга хэмжээ авах нь, төр идээ бээргүй байх нь мэдээж зөв. Арга хэрэгсэл, агуулга, шинж төрх нь ямар чиг хандлагатай байх ёстой вэ?

-Авлигатай тэмцээд хэрэггүй гэж хэн хэлэх юм бэ. Тэмцэх нь зөв. Гэхдээ яг одоо авлигатай тэмцээд байна уу, Ардын Намтай онцолж тэмцээд байна уу гэх эргэлзээ нийгэмд төрөхөөр байна. Нөгөө л  намчирхсан, дайсагнасан хандлагаар энэ ажил явбал үр дүн гарахгүй. Харин ч алсын уршигтай байж мэднэ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй юмаа гээд намчирхсан өргөн хонзогнол үүсч тархвал Монголын нийгэмд энэ нь сайныг авчрахгүй нь ойлгомжтой. 

1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл сонгуульд ялаад МАХН-ын харьяалалтай баахан хүмүүсийг ажлаас нь халсан. 2000 онд МАХН ялаад хариуг нь давуулж барьсан гэдэг. Түүнээс хойш сонгуулийн дараа намын харьяаллаасаа болж ард иргэд хэдэн мянгаараа ажилгүй болдог явдал хэвшил, ёс заншил шахуу болчихлоо. Энэ буруу бусармаг хэвшил авлигатай тэмцэх ажилд халдвал яана?

Дахин хэлье. Авлигатай тэмцэх ёстой. Гэхдээ хууль ёсоо ягштал баримталж, шударгаар тэмцэх ёстой.

-Танай нам сөрөг хүчин болсон. Гэхдээ хүчтэй сөрөг хүчний дүрийг  бүтээж огт чадсангүй. Юутай холбоотой вэ? МАН нэгэнт Засгийн гадна байгаа нөхцөлд маш хүчтэй сөрөг хүчин байх боломжтой гэж олон нийт үзэж байгаа. Тэгвэл аль алиндаа тустай байхсан. Нөгөө талаар сөрөг хүчний байр суурин дээр шилжсэн энэ нөхцөл МАН-ын хувьд бодлого, баримтлалаа чамбайруулах, зарим нэг ундуй сундуйгаа цэгцлэх маш сайхан боломж мэт санагддаг. Гэтэл аквариумын загас шиг л харагдаад байх юм...


-Би тэгж харахгүй байна. Ардын Намыг Монголын нийгэм төрүүлсэн. Тиймээс манай нийгэмд байгаа бүх л сайн, муу юм энд бас бий. Бусад намтай үүгээрээ адил. Ялгаа нь энэ намын түүх, даац, туулах чадвар гурав юм. Мөн ч олон даваа давж үзсэн нам даа. Ээлжит даваагаа давна гэдэгт би эргэлзэхгүй байна.
 
-МАН-ыг бүх талаар хүчийг нь сулруулах, болж өгвөл нэгмөсөн тамирдуулах бодлогыг АН хэрэгжүүлж байна. Тэдний буруу биш байх. Харин үүнийг сөрөн зогсох,  улс төрийн ямар хүчин бэ гэдгээ харуулах нь танайхны үүрэг байлтай. Гэтэл ялагдсаныхаа цочролоос гарч чадахгүй, өөрсдийгөө өдөж хатгасан, гэдэс дотроо уудлалцсан улс төр л яваад байх шиг. Та энэ талаар юу бодож яваа бол? “С.Баяр юу бодож байгаа бол” гэж олон хүн харж байгаа учраас энэ асуултыг тавихгүй байж чадсангүй.
  
-Идэвхтэй оролцогч байхаа хэдийнэ больсон намайг олон хүн харж байгаа гэдэг нь юу л бол. Намдаа ач санаж явдаг хүний хувьд хэлэхэд, ялагдал бол ялалтын оршил гэх диалектик гаргалгаа байдаг. Энэ үнэн бол эргээд ялалт нь ялагдлын оршил байх учиртай. Гэхдээ ялах, ялагдах ч яахав. Ялалт гэдэг маань яг юу билээ гэдгээ бүрэн ухаарах хэрэгтэй юм шиг. Сонгуульд ялсан л бол “эзэгнэнхэн оршино” гэсэн үг үү, эсвэл нийгэмд илүү нэмэр тустай хувилбарыг нь сонгох, хэрэгжүүлэх давуу эрхээ эдэлнэ гэсэн утга агуулдаг уу? Нам сонгууль болгоны дараа өөрөө өөртэйгөө, гэдэс дотортойгоо ноцолдож, “жигүүрлэж, фракцалж” суухаа чухалчлах уу, эсвэл нийт нийгмээ хөгжил, дэвшил өөд татах, үүлэн чөлөөний нар шиг бололцоог дүүрэн ашиглах бодлогоо чамбайруулаад явах уу гэх мэтийн асуулт олон байна.

Диалектик гаргалгаа байгаад ч ялалт аяндаа давхиад ороод ирэхгүй. Зөвхөн намын гишүүдийнхээ л оролцоо дэмжлэгээр сонгуульд ялна гэж байхгүй. Нийгмийн олонх дэмжиж байж л сонгуулийн амжилт ирдэг.

Өнгөрснөө дүгнэх, ирээдүйгээ төсөөлөх, одоо цагаа оношлох чадвар манай намд бий. Сайн л ярилцах хэрэгтэй. Намын дарга Ө.Энхтүвшин саявтар намын журмын нөхдөдөө хандаж ил захидал бичсэн байна. Би уншсан. Санал нийлэх зүйл цөөнгүй байна лээ. Санал нийлмээргүй ч зүйл бас харагдсан. Гэхдээ энэ бол миний л байр суурь. Би төсөөрчихөөд буруу бодож байж ч болно. Намын асуудал бол манай халуун бүл доторх л асуудал. Эхлээд халуун бүлээрээ хэлэлцэж байгаад дараа нь хэвлэлийн нүүр дамжуулан дэлгэрэнгүй ярьж болох юм.  Болох ч юу байхав, ярих ч хэрэгтэй байх. Бид дотроо юу ярьж байгааг нийгэм мэдэг, дүгнэг, дэмжиг.

За, Батбаатар аа. Хоёулаа ингээд яриагаа өндөрлөх үү дээ. Ойрд ам нээгээгүй, яриандаа халаад олон сэдвээр баахан л туулаа, баахан л улстөржлөө. Одоо яриагаа дуусгах уу?

-Ганцхан асуулт байна. Улс төртэй огт холбоогүй асуулт. Таныг Хөвсгөл, Завханаар загас үржүүлгийн ажлаар явж байхад тань таарсан гэх хүнтэй би Цагаан сараар уулзлаа. Та нийслэлээ алгасаад шууд хөдөө яваад байгаа юм уу. Ер нь наашаа хэзээ ирэх вэ?

-Миний үржүүлдэг загас гэж юу байхав. Ээжийн насаараа хийж яваа ажилд нь туслах санаатай л байна. Манайд загасны нөөц жилээс жилд улам бүр хомсдож байгаа. Байгаль орчны бохирдлоос ч болдог. Буруу цагт, буруу аргаар олноор нь хүйс тэмтэрч байгаагаас ч болдог. Энэ чиглэлээр нэг төсөл эхлүүлсэн санаатай. Сүүлийн гурван жил хөөцөлдөж байна. ХААИС энэ төслийг аваад явж байгаа юм. Загасны чиглэлээр сурч байгаа оюутны тоо өнгөрсөн жил эрс нэмэгдсэн гэсэн. Гадаад, дотоодын бүхий л бололцоог хайж байна. Эрдэм шинжилгээний байгууллагуудаас гадна хувийн хэвшлийнхэн энэ ажилд их тусалж байгаа. Ноднин л гэхэд Идэр, Чулуут, Дэлгэр мөрний бэлчир, Туул голын эхэнд хоёр зуун мянган жарамгай тавьсан. Том саванд энэ бол бага л тоо. Гэхдээ яахав. Энэ жил нэг сая гаргах болов уу гэж бодож байгаа.

Энэ шугамаараа хэд хэдэн аймагт ажил эхлүүлэх санаа бий. Зөвхөн Хөвсгөл, Завхан биш л дээ. Төв, Булган аймаг байна. Ерөөс манай хойд бүсийн аймгуудаар боломжтой газар цөөнгүй бий. Өнгөрсөн зун, намар зарим газраар нь явсан. Газраа зөв сонгох, тэндээ хээрийн лаборатори маягийн юм байгуулах, манайдаа таарсан технологи хэвшүүлэх, хүнээ сайн сургах гээд хийх ажил нэлээд бий. Одоо дулаарч байна. Удахгүй цөн төрөх, түрс шахах үеэр дараагийн шатны ажлаа хийх ёстой. Манай төслийн нөхөд бэлтгэлээ ид базааж  байна. Тиймээс очоод л хөдөө явна даа. Төрсөн, өссөн ганц нийслэлээ алгасч алагчилна гэж юу байхав. Гэхдээ хийхэд сонирхолтой, урамтай ажил хөдөө илүү их байна. Зар, зардал багатай шиг явахыг бодно доо.

-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан С.БАТБААТАР

Зохиогчийн эрх: “ӨНӨӨДӨР” сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Санал асуулга
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой