news.mn politics.news.mn google.mn
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Ж.Байден айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

2013 оны 02 сарын 03

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден Монгол Улсад дахин айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 49 дүгээр бага хурал үргэлжилж байна. “Евро-Атлантын аюулгүй байдлын хамтын нийгэмлэгийн ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден хийснээр бага хурлын хоёр дахь өдөр эхэллээ.

Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жозеф Байдентай хурлын үеэр уулзаж ярилцахад тэрээр Монгол Улсад айлчилж байснаа дурсан дахин айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сайд Л.Болд өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Вук Жеремич, Бельгийн Батлан хамгаалахын сайд Петер де Грем нартай уулзаж, яриа хэлэлцээ хийлээ.

Түүнчлэн тэрээр Турк Улсын Гадаад хэргийн сайд Ахмэд Давутоглу, Германы Гадаад хэргийн дэд сайд, Бундестагийн гишүүн Михаел Георг Линк, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд, Парламентийн гишүүн хатагтай Тошико Абе, Европын батлан хамгаалахын агентлагийн дарга хатагтай Глауде-Франц Арноулд зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын  хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений энэ удаагийн бага хуралд өнгөрсөн жилийнхээс 20 орчим орноор илүү буюу энэхүү бага хурлын түүхэнд хамгийн олон 90 орчим орны төр, засгийн дээд түвшний төлөөлөгчид оролцож буй нь онцлог байв.

Энэхүү үзүүлэлт нь дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг тус бага хурлын нэр хүндийн өсөлтийн илэрхийлэл болж байгаа төдийгүй нөгөө талаас нийтээр хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай аюулгүй байдлын шинэ сорилтууд буурахгүй байгааг харуулж байна гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв.



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Санал асуулга
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой