news.mn politics.news.mn google.mn
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

МАХН-ын эзэрхийлэл ба МҮАН-ын буулт

2012 оны 9 сарын 6

Шинэчлэлийн Засгийн газрын дэд сайд нар хэзээ томилогдож, ажилдаа орох бол гэсэн хүлээлтэд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өчигдөр том сюрприз барив. Энэхүү хуралдаанаар хүлээгдэж байснаар дэд сайд нарыг томилсонгүй, харин яамдын Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томиллоо. Хэдийгээр дэд сайд нарын томилгоог хэзээ хийх нь тодорхойгүй ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн дотооддоо ойлголцохгүй байгаагаас эл асуудлыг хойшлуулсан гэх мэдээлэл байна. Уг нь “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар бойкот хийн, Ардчилсан намд “Дэд сайдын томилгоог эхэлж хийгээд дараа нь Төрийн нарийн бичгийн даргыг томилохгүй бол Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслөөр авсан завсарлагаа үргэлжлүүлнэ” хэмээж байсан ч дотоод дахь зөрчил нь тэдэнд боломж олгосонгүй. Тэр тусмаа МАХН-ынхан нь их дажинтай суугаа тул Төрийн нарийн бичгийн даргадаа хүнээ нэр дэвшүүлж томилуулж чадаагүй юм байна.

Харин МҮАН-аас Д.Дэлгэр­цогтыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүлснээр томилуулж чаджээ. Ер нь дэд сайд нарын томилгоон дээр гацаад байгаа нь МҮАН талаас шалтгаалж буй хэрэг ч биш бололтой, МАХН-ынхан бүх зүйлээ хайрцаглаад байгаа тухай мэдээлэл Төрийн ордонд чих дэлслээ.

Мөн МАХН доторх дотоод тэмцлийн учир шалтгааныг ухвал төрийн ажил байтугай хувийн хэвшилд ч олигтой ажиллаж үзээгүй залуучууд нь “Дэд сайд болно” хэмээн цээжээ дэлдэж, зарим нэг нь бүр өөрсдийгөө дэд сайдаар томилогдчихсон мэт ааш аяг гаргах болж. Зах зухаас нь дурдвал МАХН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Чимэдсүрэн гэх нөхөр өөрийгөө бүр дэд сайд болчихсон мэтээр хөөрцөглөх болж. Гэвч түүнийг нам дотор нь дэмжихгүй байгаа төдийгүй намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга арай дөнгүүр гэх хүмүүс байна. Хоёр дахь дэд сайдаар эдийн засагч Н.Даш­зэвэгийг санал болгох магадлал өндөр байгаа бөгөөд МАХН-ын толгой улстөрчид тооцогдох Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар түүнийг үе үе Төрийн ордонд дуулдаж уулзах болжээ.

Гурав дахь дэд сайдаар хэнийг санал болгох нь олон нийтийн дунд нууц ч “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлөн УИХ-д суух 11 дэх гишүүнээр Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг зөвшөөрүүлж чадвал, дэд сайдад өөр хүнийг санал болгох сурагтай. Тиймдээ ч МАХН-ынхан УИХ-д Н.Энхбаяр даргынхаа ууган хүү Э.Батшугарыг оруулж ирэхийн тулд хууль зүйн ямар гарц байна, тэр бүгдийг эрэлхийлэхээр О.Баасанхүү тэргүүтнүүд ажилдаа оржээ. Хуулиа хөөвөл Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүнийхээ тангараг өргөх эрх нь нээлттэй. Өөрөө ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ойрын үед Н.Энхбаяр даргатай энэ асуудлыг ярилцана. УИХ-ын гишүүнийхээ суудлыг Татварын ерөнхий газрын даргын албан тушаалаар солихгүй” хэмээн мэдэгдээд байгаа. Мөн өөрөө л УИХ-ын гишүүн болохоос татгалздаггүй юм бол өөр хүн УИХ-ын гишүүний тангараг өргөх гарц байхгүй хэмээж буй. Тэгэхээр Н.Энхбаяр дар­га Ц.Оюунбаатарыг нэрээ та­тахыг шаардаж, хэрэв энэхүү оролд­лого бүтэлгүйтвэл Э.Батшугарыг дэд сайдаар томилуулах даалгаврыг намынхандаа өгч болох талтай тухай улстөрийн хүрээнийхэн ярьж байна. Мөн Ц.Оюунбаатарын хувьд УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшсэн ч гэлээ, МАХН-ын гишүүнчлэлгүй. Тиймээс энэ “цоорхой” дээр нь МАХН-ынхан тоглолт хийх бөгөөд гурав дахь дэд сайдын суудлыг халаасалсаар байгаагийн нууц энэ аж.

Бас нэг сонирхол татам мэдээлэл нь, МАХН-ынхан МҮАН-ыг дарангуйлах болсон тухай юм. Сайд нарыг санал болгох цагт МАХН-ынхан хэлснээсээ буцаж, гурван сайдыг өөрсдийн намаас томилуулсан шигээ дэд сайд, Төрийн нарийныг томилох асуудалд  3:1 харьцааг барих болжээ. Ганц далайлгадаг үг нь “Н.Энхбаяр даргын нэр нүүрээр та нар УИХ-д суудал авсан болохоор Засгийн газрыг бүрдүүлэх томилгоонд бид давуу эрх эдэлнэ” гэх түрэмгийлэл аж. Нөхцөл байдлыг аваад үзвэл, Н.Энхбаяр даргын хүчээр “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудал авсан юм бол яагаад МАХН-ынхан МҮАН-ынхнаас бага суудал авав. Н.Энхбаяр даргын нэр хүнд ард түмний дунд өндөр байсны хүчинд хэн ч мэдэхгүй нөхдүүд УИХ-д суусан юм бол МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Архангай аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшээд яагаад унав.  МҮАН-ын дарга М.Энхсайханы нэр хүнд “шалны алчуур” байсан юм бол Г.Уянга, Д.Батцогт нар ялалт байгуулж чадахгүй байсан юм биш үү гэх олон гаргалгааг хийж болно. Хэдийгээр Г.Уянга, Д.Батцогт нар тойрогт өрсөлдөөд ялалт байгуулсан нь Н.Энхбаярын нэр нөлөө байсныг үгүйсгэх аргагүй ч Амлалт нэхэх ард түмний холбоогоор дамжиж ард түмэн тэдэнд итгэл өвөрлүүлсэн байх магадлал бас өндөр. Дээр нь Амлалт нэхэх ард түмний холбоог санаачлан байгуулсан авторыг нь хөөвөл Н.Энхбаяр биш, М.Энхсайхан. Тэгэхээр цаг ямагт МАХН-ынхан Н.Энхбаяр даргаараа бамбай хийж, олигтой нэр дэвшүүлчих боловсон хүчний нөөцгүй байж томилгоо бүрт түрэмгийлэх нь хэр шударга вэ. Тэр тусмаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг УИХ-ын сонгуульд хамтран оролцохдоо хэн, хэнийхээ дутууг нөхөж амжилтад хүрсэн байхад шүү. МҮАН бол бодлого тодорхойлдог, МАХН түүнийг нь дагадаг юм гэх яриа улстөрийн хүрээнийхэн дунд зүгээр ч нэг гараагүй л байх. Энэ нь “Шударга ёс”-ынхны толгой нь МҮАН, харин бие нь МАХН хэмээн тодорхойлж ч болох мэт. Тэр тусмаа Монголын ард түмэн “Шударга ёс”-ынхонд энэ удаагийн сонгуулиар итгэл хүлээлгэсэн нь Н.Энхбаяр даргыгаа ялаас мулталж, хэргийг нь цагаатгуулахын төлөө ажиллаарай гэснийх бус, төрд бугшсан авлига хээл хахуультай тэмцэж, нийгэмд шударга ёс тогтоож, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын талд ашигтай болгон өөрчилж, Тавантолгойг 100 хувь ард түмний өмч болгохын төлөө тэмцэнэ гэх амлалтаа ажил хэрэг болгох боломж олгож парламентад илгээсэн мэт. Нөгөө талаас МҮАН-ынхан сул дорой царайлж МАХН-д цаг ямагт буулт хийх тусам Н.Энхбаярын засаглах эрхийг улам хүчирхэгжүүлэхээс өөр яана гэж... Үнэхээр ирэх дөрвөн жилд Шинэчлэлийн Засгийн газар тавьсан зорилгоо хэрэгжүүлье гэвэл дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хэн байхаас бас ч үгүй их зүйл шалтгаална, тэр тусмаа Ц.Чимэдцэрэн, Б.Тулга, Э.Батшугар нар бол Засгийн газрын рейтингийг унагасан томилгоо болж мэдэх юм. Ингэж бодохоор Н.Алтанхуягийн Засгийн газар дэд сайдгүйгээр  ажиллавал дээр ч юм уу даа, бурхан минь.

Г.ДАРЬ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Энэ сэдвээр: ”Ардын эрх” сонин
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Санал асуулга
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой